Atomic Habits буюу Энгийн дадал номын тэмдэглэл
3 мин унших

Энэхүү номыг би Англи хэл дээр уншсан бөгөөд уншаад ойлгосон зүйлсээ Монголоор тэмдэглэн бичлээ.
Аливаа үйлдэл хийхэд 4 шат байдаг.
Cue —Хэрвээ та кофенд дуртай бол кофе ууж буй хүнийг хараад мөн кофе уухыг хүснэ. Энэ бол cue буюу дохио.
Craving — Тэгээд кофе уухыг хүснэ. Энэ бол craving буюу хүсэл.
Response — Тэгээд кофегоо ууна, тэр нь response буюу хариу үйлдэл.
Reward — Кофе уугаад сэргээш авч баярлана. Энэ нь reward буюу үр өгөөж.

Энэ ном эдгээр дөрвөн шатыг амархан болгож зөв дадал эзэмшүүлэх, болон хэцүү болгож буруу дадлыг халах талаар гардаг.
Шат #1: Үйлдэл өдөөх дохио (Муу зуршлын өдөөгчөөс хол байх)
Та орой бүр унтахаасаа өмнө ном унших зуршилтай болмоор байна гэж бодъё. Тэгвэл өглөө сэрээд, ороо хураахдаа дэрэн дээрээ уншихыг хүссэн номоо тавиад өглөөгөө эхлүүл. Одоо орой бүр орондоо ороход ном таныг хүлээж байх болно. Үйлдэл өдөөх дохиогоо та бэлдлээ гэсэн үг.
Вьетнамын дайнд ихэнх Америк цэргүүд героинд донтсон байжээ. Гэртээ буцаж ирээд дайны стресс өдөөгч хүчин зүйлгүй орчинд муу зуршлаасаа салцгаасан байна. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зуршил өөрчлөгддөг.
“Сахилга баттай” хүмүүс амьдралаа уруу таталтаас ангид байлгадаг.
Шат #2: Зөв дадал хийх хүсэл төрүүлэх
Хийхийг хүссэн зүйлээ хийх ёстой зүйлтэйгээ холбо. Иргэн Б Netflix-ээ хөдөлгөөнгүй дугуйн жийлтээр ажиллуулахаар инженерчилжээ. Тэгэхээр тэр дуртай шоугаа үзэхийн тулд заавал дугуйгаа унах хэрэгтэй болсон байна.
Зөв дадлаа ядаргаатай гэж хүлээж авахын оронд бодлоо эерэг болгоорой. Жишээ нь, “би гүйх ёстой” гэхийн оронд “би хурдан хөдөлж, биеэ чийрэгжүүлэх цаг боллоо” гэх мэт.
Хийх ёстой ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийхээсээ өмнө дуртай зүйлээ хийж, урам зориг өөртөө өгч байх нь үр дүнтэй байдаг.
Шат #3: Зөв зуршлыг амархан болгох (Муу зуршлыг хэцүү болгох)
Нэгэн гэрэл зургийн багш оюутнуудаа хоёр багт хуваажээ. Нэг багт нь аль болох олон зураг авбал өндөр оноо өгнө, нөгөө багт нь ганц сайн зургаар нь оноо тавина гэв. Олон бүтээл туурвих оюутнууд нь улирлын турш гэрэл зураг авч, найруулга, гэрэлтүүлгийн талаар туршилт хийж, харанхуй өрөөнд янз бүрийн аргыг туршиж, алдаанаасаа суралцаж завгүй байлаа. Олон зуун зураг бүтээх явцдаа тэд ур чадвараа дээшлүүлсэн. Харин ганц сайн зураг авах багын үр дүн нэлээн муу байв. Тиймээс, төгс хийхээс илүү олон оролдлого хийсэн нь илүү сайн үр дүнг авчирдаг байна.
Анхнаасаа төгс зуршлыг бий болгох гэж оролдохын оронд хялбар зүйлийг илүү тууштай хий. Эхлэхэд хялбар болго, бусад нь аяндаа болно.
Аливаа зүйлийг хийж байхдаа үргэлжлүүлэн хиймээр байгаа үедээ зогсвол дараа нь эхлэхэд илүү амар байдаг.
Виктор Хюго номоо бичиж дуусгахын тулд бүх хувцсаа цуглуулаад туслахаасаа том авдарт цоожлохыг хүсэв. Тэр том алчуураас өөр өмсөх юмгүй үлджээ. Гадаа явахад тохиромжтой хувцас дутмаг байсан тул тэрээр ажлын байрандаа үлдэж, Нотр Дамын бөгтөр номоо амжилттай бичиж дуусгав. Заримдаа амжилтад хүрэхэд сайн зуршлыг хялбар болгохоос илүү муу зуршлыг хэцүү болгох хэрэгтэй байдаг.
Шат #4: Зөв зуршлыг тааламжтай болгох
Нэгэн хос гадуур хоол идэхээ больж, хамтдаа хоол хийж эхлэхийг хүссэн. Тэд хадгаламжийн дансандаа “Европ руу хийх аялал” гэсэн шошго бичжээ. Тэд гадуур хооллохыг алгасах болгондоо аяллын данс руугаа 50 доллар шилжүүлдэг байсан. Жилийн төгсгөлд тэд цуглуулсан мөнгөө амралтдаа зориулжээ.
Хүсэл эрмэлзлээ чадвартайгаа уялдуулахын тулд таны сэтгэлийг хөдөлгөдөг, байгалиас заяасан ур чадварт тань тохирох талбарт хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэгтэй.
Goldilocks дүрэм: Амьдрал болон ажилдаа хэрхэн урам зоригтой байх вэ. Голдилоксын дүрэмд хүмүүс одоогийн чадварынхаа ирмэг дээр байгаа ажлууд дээр ажиллахдаа хамгийн их урам зоригийг мэдэрдэг гэж заасан байдаг.
Эцэст нь, эдгээр дөрвөн шатыг илүү амар болгосноор зөв дадлаа суулгах боломжтой. Дадал зуршлаа дүгнэн харж сайжруулж өөрчилж байх нь мөн чухал байдаг тухай энэ номд гарсан. Та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна.
